(news.mn)
Дундаж цалингийн хэмжээ 2.7 сая төгрөг байна
Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 2.1 сая хүн байгаагийн 1.2 сая ажиллах хүчин, 865 мянга нь ажиллах хүчнээс гадуурх гэсэн судалгаа бий. Тэгвэл 2025 оны III улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг, голч цалин 2.3 сая, харин үндсэн цалингийн дундаж 2.4 сая төгрөгт хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Өмнөх улиралтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 26 мянгаар буурчээ. Мөн бодит цалингийн индекс өмнөх улирлаас 2.3 хувиар буурсан аж. Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин болон голч цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл 2025 оны III улиралд уул уурхай, олборлолтын салбарын ажилтан хамгийн өндөр, зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажилтны цалин хамгийн бага хэвээр байна.
Түүнчлэн уул уурхай, олборлолтын салбарт цалин 4.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 79.5 хувиар өндөр, харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарынхны цалин 1.8 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 32.6 хувиар бага үзүүлэлт аж.
Нөгөөтэйгүүр, бодит цалингийн индексийг 2025 оны III улирлын байдлаар өмнөх улиралтай харьцуулахад боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх хамгийн их буюу 13.6 хувиар нэмэгдсэн бол уул уурхай, олборлолт, боловсролын салбарынх 8.7-12.4 хувиар буурсан аж. Ажиллагсдын тоог цалингийн бүлгээр харвал, нийт даатгуулагчийн дотор 1.5-3.0 сая төгрөгийн цалинтай ажилчин хамгийн их буюу 38.4 хувийг, 792 мянга хүртэлх төгрөгийн цалинтай ажилчин 9.1 хувийг эзэлж байгаа юм.
Төвийн бүс болон Улаанбаатар хотын ажилтны сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 1.7-5.1 хувиар их бол баруун, зүүн, хангайн бүсэд 3.0-18.3 хувиар бага гарсан байна.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 3 сая, эмэгтэйчүүдийнх 2.5 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдээс 521 мянган төгрөгийн зөрүүтэй гарсан аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Тэнэглэл
Хаха
Зөв
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Буруу

